2010 оны 3 сарын 26 ны өдөр хамгийн сүүлд нэг хичээлд та бүхэнтэйгээ сууж байсан санагддаг юм. Тухайн үед явах гэж догдлоод, бас үлдэж байгаа нөхдөө хараад зөв харж инээгээд буруу харж арай уйлалгүйхэн шиг сууж байсан санагдаж байна.
Анх нийслэлийн хошой тэргүүний гэх 48-р сургуулиасаа ганцаараа "Харилцааны" сургуульд орсондоо эрдээд хаданд авирчихсан Анар сургуулийн босгыг гишгэж байлаа. Тэгтэл яаж ч байгаад юм захирлын туслах Солонго эгч намайг эдийн засгийн 1-1 ангийн даргад нэр дэвшүүлж, коммунист намын хурал шиг 100 хувийн саналаар сонгогдож байлаа.
Хичээл эхэлсэн өдрөөс, хамгийн сүүлийн лекцэнд суух өдрийг хүртэл нэгэн бүлэг болж хамтдаа алхсан хэдхэн сарын хугацаа надад ихээхэн зүйлийг зааж сургажээ. Хүн хүндээ туслах, нийтийн хүчээр дунд сургуулийн гаднах цас цэвэрлэхээс ч том ажлыг амтархан гүйцэтгэж болдогийг тэр хэдэн сар надад мэдрүүлсэн юм. Нээх холгүй ч гэсэн, соёлын багагүй зөрөөтэй БНСУ-д ирчихээд хамгийн эхний ээлжинд хүмүүстэй харьцаж, тэгээд яахав мэдээж оюутан юм болохоор сурах, хамгийн гол нь нийгмийн харилцаанд "Харилцааны сургууль"-д байсан туршлага маань л намайг түшиж ирлээ. Сургуульд байхад та нарын зарим чинь зарласан хугацаанд хэлсэн ажил хийхгүй, нийтийн ажиллагаанд идэвхитэй оролцохгүй, ганц хотоос гарч амралтанд явах гээд би лав барж байгаагүй юмдаг. Нэг удаа Тэнгис орж кино үзэх гээд сургуулийн гаднаас 20 гаран хүн хөдөлсөн боловч, 2км орчим алхаад ороход Бэбэ, Төдө, Бадма, Хайлка, Гэгээ, тэгээд Мөнхбат байсан байхаа үлдэж байлаа. Кино үзэхээ болиод Доргиоруу алхахад 4 хүн л явж байсан хэхэхэ
Би гэдэг нөхөр үнэндээ харилцааны сургуульд орсондоо бахархдаг. Англи хэл, тоо 800 оноо аваад орсондоо биш ороод тал бүртээ чадвар, бүтээлээрээ тэргүүлэх нөхөдтэй учирч хоорондоо хуваалцаж хөгжих боломжийг жаахан ч гэсэн эдлэсэндээ үргэлж баярлаж байдаг. Та нарын дунд Орос, Англи, Турк, за тэгээд одоо нөгөө баахан хэлнүүдээр түгдрэлгүй ярьж, дунд сургуульдаа олимпиадын аврага, одоо ямар нэгэн ажил хийж байгаа, язгууртан гэр бүлээс гаралтай, сэнгэнэсэн сайхан агаартай тал нутгаас ирсэн, эрэгтэй эмэгтэй гээд төрөл төрлийн хүмүүс байгаа. Гэхдээ хоёр бүлэгт та нар ав адилхан. Бүгд 2-3 гэдэг бүлэглэлийн гишүүд, бүгд адилхан хүмүүс.
Сүүлийн үед фэйсбүүк гээч Египетэд хувьсгал авч очсон эдийн тусламжтайгаар та нарын дунд хөөрхөн хэмжээний бутрал үүсээд байгааг хараад дуугай суулгүй хэрэгтэй хэрэггүй үгс бичин суугаа нь энэ. Бид бүгдээрээ адилхан эцэг эхийн үр болж төрсөн, амьдарч байгаад хэзээ нэгэн цагт үхэх жамтай бодьгалууд. Алдаа хийсэн нэгнээ уучилж, дахиж яавал тийм алдаа гаргахгүй байж болох талаар нь хайж олж хэлж өгөөд, үйл ойлголцол байгаа бол байгалиас заяасан хэлээ ашиглан ярьж, бусад чинь доор байвал дээш нь татаж, очиж чадах хамгийн хол газар хүртэлээ нөхрөө чирэн гилдрэх гэдэг хүн байтугай зарим адгууснуудад байдаг шинж. Амьддаа бие биеэ хайрла гэж их философитой шүлэглэгч О.Дашбалбар агсан нэгэнтээ шүлэг тэрлэж байсан юм билээ. Их гоё үг шүү. Маргааш дэлхий сөнөх ч юм билүү хэн мэдлээ. Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ.
Энэ хэдэн балай үгсийг тэнэж явахдаа зах зухаас нь ойлгоод та бүхэндээ хүргье гэж бичсэнийг нь таалан соёрхсонд талархлаа.
Read with a raised eyebrow. Lol. Thank you for posting.
ReplyDeleteLike. "Бид бүгдээрээ адилхан эцэг эхийн үр болж төрсөн, амьдарч байгаад хэзээ нэгэн цагт үхэх жамтай бодьгалууд. Алдаа хийсэн нэгнээ уучилж, дахиж яавал тийм алдаа гаргахгүй байж болох талаар нь хайж олж хэлж өгөөд, үйл ойлголцол байгаа бол байгалиас заяасан хэлээ ашиглан ярьж, бусад чинь доор байвал дээш нь татаж, очиж чадах хамгийн хол газар хүртэлээ нөхрөө чирэн гилдрэх гэдэг хүн байтугай зарим адгууснуудад байдаг шинж. Амьддаа бие биеэ хайрла гэж их философитой шүлэглэгч О.Дашбалбар агсан нэгэнтээ шүлэг тэрлэж байсан юм билээ. Их гоё үг шүү. Маргааш дэлхий сөнөх ч юм билүү хэн мэдлээ. Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ."
ReplyDelete